Хөдөө аж ахуйн их сургууль

ТОВЧ ТҮҮХ

 

Түүхийн хуудас сөхвөл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 7-р сарын 2-ны өдрийн 293-р тогтоолоор Хөдөө аж ахуйн институтийн харъяанд МЕХАНИКЖУУЛАХ, ЦАХИЛГААНЖУУЛАХ ФАКУЛЬТЕТ байгуулах шийдвэр  гарч,  2 трактор, 3 авто-машин, 58 оюутан, 10 хүрэхгүй багштай манай сургуулийн сургалтын үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй.

ХАА-ын Яамны 1960 оны 11-р сарын 16 өдрийн 705 тоот тушаалаар манай факультетийн анхны багшаар О.Дорж, С.Гэлэгням нарыг томилж, тус Яамны хэлтсийн дарга, инженер Г. Намсрайд долоо хоногийн ажлын 4 өдөрт нь хичээл заалгах зорилгоор чөлөө олгон,  тэр үед Агрономийн салбарт ЗХУ-аас урилгаар ирсэн мэргэжилтэн Цербаченко, Маньков нараар хичээл заалгах шийдвэр гаргаж байжээ.

1961-62 оны хичээлийн жилд “TӨМӨРЛӨГИЙН ТЕХНОЛОГИЙН”,  “ХӨДӨӨ АЖ АХУЙН МАШИНЫ”, “ФИЗИКИЙН” гэсэн 3 тэнхимийг шинээр байгуулж, факультетийн анхны деканаар  О.Жүрмэд, тэнхимийн ууган эрхлэгчээр Л.Цэрэндорж, Л.Пүрэвжал, М.Чойван нарыг тус тус томилон, ЗХУ-аас мэргэжилтэн доцент  Ермаков, ахлах багш Павленко нарын 4 багшийг урьж ирүүлсэн байна.

  Багшлах боловсон хүчний дараагийн залгамж холбоо болох Б.Балдангомбо, Ш. Цэвэгсүрэн, Т.Нигамет Т. Должинсүрэн нар ЗХУ-ын ХААДС-ийг Инженер-механикч мэргэжлээр тус тус дүүргэн, багшаар томилогдсон байна.

Манай сургуулийн ууган төгсөгч Д.Буяндэлгэр, Д.Бадамгарав, Ж.Цэндсүрэн П. Моононшар нар 1964-1965 оны хичээлийн жилд багшаар томилогдсон нь Инженер, технологийн сургууль өөрийн бэлтгэсэн инженерүүдээр багшлах бүрэлдэхүүнээ өргөжүүлэх эхлэл болжээ.

Өдгөөгөөс 60 шахам жилийн тэртээ үүдээ нээж, гал голомтоо бадраан сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан манай сургууль өнөөдөр 6 тэнхимд 126 профессор багш, ажилтан ажиллагсадтай болж, 2300 гаруй оюутныг бакалавр, магистр, докторын чиглэлээр сурган, 8 хөтөлбөрөөр нийт 3700 гаруй инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн байна.  

Түүхэн энэ хугацаанд манай сургуулийн багшлах бүрэлдэхүүнээс профессор Б. Балдангомбо, профессор Т. Нигамет нар гавъяат багшийн эрхэм алдрыг хүртэж, төгсөгчдөөс УИХ гишүүн ба Сайд 1, Аймгийн Засаг дарга 4, Хөдөлмөрийн баатар 8, Гавъяат механикжуулагч, эдийн засагч 12, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан 1, Шинжлэх ухааны доктор 3, Техникийн ухааны доктор 34, Хүндэт профессор 2, Хүндэт доктор 4 зэрэг олон арван урлаг, спортын алдартнууд төрөн гарсан нь бидний бахархах үйлс юм.

ХААИС-ийн үе үеийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу тус сургууль нь түүхэн замналынхаа өнгөрсөн ба өнөө үед  дараах нэршлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Үүнд:

1960-1973 он,    Механикжуулалт ба цахилгаанжуулалтын факультет

1973-1982 он,    Агро-механикжуулалтын факультет

1983-1994 он,    Инженер-механикийн факультет

1994-1996 он,    ХАА-ын Техникийн эрдэм шинжилгээ сургалтын хүрээлэн

1996-2001 он,    Инженер-механикийн факультет (ИМФ)

2001-2014 он,    Инженерийн сургууль (ИС)

2014 оноос         Инженер технологийн сургууль (ИТС) 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn