Цахилгаан хангамжийн инженер

Хөтөлбөрийн танилцуулга

          Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг ур чадварыг ашиглан Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цахилгаан эрчим хүчийг ашиглах, цахилгаан хангамжийн асуудлыг төлөвлөх, боловсруулах, хөгжүүлэх ажлын хүрээнд дүн шинжилгээ хийх чадвартай, Хөдөө аж ахуйн шугам сүлжээ, цахилгаан станц, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээ, төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэрийн газруудад ажиллах цахилгаан хангамжийн мэргэжилтнийг  бэлтгэх.

 Хөтөлбөрийн сургалтын зорилго:

         Хөдөө аж ахуйн цахилгаан шугам сүлжээ, эрчим хүчний хангамжийг урьдчилан төлөвлөх, хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг зөв сонгон ашиглах, үйлдвэрлэлийн процессыг үр ашигтай явуулах, инженерийн болон цахилгаан технологийн өндөр мэдлэг, чадвартай, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй цаашид суралцах чадвартай  мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилт:

  • Байгалийн болон мэргэжлийн суурь шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, цахилгаан хангамж, техник технологийн үндсэн мэдлэг олгож,  цахилгаан шугам сүлжээг төлөвлөх, боловсруулах, техник хангамжийг шийдвэрлэх, зохион байгуулах чадвар эзэмшүүлэх.
  • Цахилгаан хангамжийн чиглэлээр өргөн мэдлэгтэй, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, мэргэжлийн дагуу тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвар олгох 
  • Мэргэжлийн болон ёс зүйн зөв төлөвшилтэй, юмс үзэгдлийн учир шалтгааныг тогтоож асуудлыг шийдвэрлэх, шинжилгээ үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох, бие даасан сэтгэлгээтэй, байнга сурч боловсрох хандлага олгох  
  • Багаар ажиллах, манлайлах, нийгмийн харилцаанд орох, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар, мэдээллийн технологи, гадаад хэлний зохих мэдлэг олгох

Сургалт явуулж ирсэн түүх, туршлага

            БНМАУ -ын Сайд нарын зөвлөлийн (хуучин нэрээр) 1960 оны 293-р тогтоолоор ХААДС-ийн харьяанд ХАА-н механикжуулах, цахилгаанжуулах факультет байгуулагдсанаар тус Инженерийн сургуулийн эх суурь тавигдаж, хөдөө аж ахуйн салбарт анх удаа дотооддоо инженерийн мэргэжилтэй боловсон хүчнийг ХАА-н инженер-механик чиглэлээр бэлтгэж эхэлсэн билээ. Тэр үеэс цахилгаан техник, цахилгаан машин, цахилгаан хөтөлгөө, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт зэрэг олон хичээлүүд заагдаж эхэлсэн түүхтэй. ХАА-н цахилгаан хангамжийн сургалтын материал, баримт бичиг, төлөвлөгөөг боловсруулж, 2002 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны цахилгаан хангамжийн бакалаврын боловсролын зэргийн тусгай зөвшөөрөл авсан.  ХАА-н цахилгаан хангамж мэргэжлээр бакалаврын сургалтыг 15 дахь жилдээ явуулж энэхүү хөтөлбөрөөр мэргэжлийн тодорхойлолт, мэргэжилтний загвар, ажлын байрны тодорхойлолтод нийцсэн бакалаврын зэрэгтэй, техникийн өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход шаардагдах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж ирсэн туршлагатай.

 

 1. Хөтөлбөрийн танилцуулга бичлэгийг ЭНД дарж үзнэ үү 

2. Суралцахуйн үр дүнг ЭНД дарж үзнэ үү

3. Сургалтын төлөвлөгөөг ЭНД дарж харна уу