Манай сургуулийн цахим хуудсанд зочилж буй эрхэм танд баярлаж буйгаа илэрхийлэн, профессор багш нар, оюутан залуус, хамт олныхоо өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах, цахилгаанжуулах дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх шийдвэрийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 7-р сарын 2-ны өдрийн 293-р тогтоол гарсан нь өнөөгийн Инженер технологийн сургуулийн эхлэл бөгөөд бид нэгэн жарнаар өгүүлэх түүхтэй сургууль билээ.
Анхны мэргэжил болох ХАА-н инженер механик мэргэжлээр 47 оюутан төгсөн гарсан бөгөөд түүнээс салбарлан Инженер механик, Инженер багш, Зохион бүтээх инженер, Цахилгаан хангамжийн инженер, Металл судал, технологи, Хүнсний үйлдвэрлэлийн инженер технологи, Гидромеханик инженер, Усны нөөц, усжуулалт, Ухаалаг технологи болон ХАА-н барилга байгууламжийн инженер гэсэн 10 хөтөлбөрөөр бакалавр, 5 хөтөлбөрөөр магистр, 2 хөтөлбөрөөр докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна.
Манай сургууль нь 4 тэнхим, 2 профессорын баг, 50 гаруй профессор багш, нар судалгаа, сургалт, үйлдвэрлэлийг хослуулан ажиллаж, суралцаж буй оюутнуудыг мэргэжлийн ёс суртахуун, төлөвшил, ур чадвар бүхий бүтээлч, манлайлагч, нийгмийн хариуцлагатай мэргэжилтнийг бэлтгэхийн төлөө ажиллаж байна.
Манай төгсөгч инженерүүд нь Хөдөө аж ахуйн салбар төдийгүй төрийн болон хувийн хэвшил, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, бизнесийн бүхий л салбарын хөгжил дэвшилд оюун ухаан, техник сэтгэлгээ, бүтээлч үйл ажиллагаа, чадварлаг менежмент, мэргэжлийн ёс зүйгээрээ эх орны хөгжил цэцэглэлтэд онцгой үүрэг гүйцэтгэн амжилтай ажилласны илэрхийлэл нь хөдөлмөрийн баатар, гавьяат инженер, эрдэмтэн мэргэд, аж ахуйн нэгжийн захирлууд төрөн гарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Инженер, технологийн чиглэлээр дэлхийн хэмжээнд тэргүүлэгч их сургуулиудад мөрдөж буй сургалтын шинэ арга зүй, стандартыг (CDIO) нэвтрүүлж, суралцагсдад мэргэжлийн чиглэл бүрээр нь ур чадвар, олгохыг зорин амжилттай хэрэгжүүлсний үр дүнд манай сургуулийн ууган мэргэжил болох Механик инженер хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлэлийн АНУ-ын “ABET” байгууллагаар магадлан итгэмжлүүлээд байна.
Та бүхэн манай сургуульд хүссэн мэргэжлээрээ бакалавр, магистр докторын шаталсан сургалтанд суралцах, судалгаа туршилт, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, манай эрдэмтдийн судалгаа туршилтын үр дүнг инновац, үйлдвэрлэл болгоход хамтран ажиллахад манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Захирал, Доктор (PhD) Ж.МӨНГӨН